Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Эх сурвалж: ZUV.MN

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргаас метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “TMK Energy” компани 2023 онд “Lucky Fox” талбайгаасаа орд илрүүлж, Монгол Улс метан хийн нөөцтэй болсон билээ. 

Тус компани “Lucky Fox” талбайд долоон цооногийг 100 хувь үйл ажиллагаанд оруулаад байгаа бөгөөд сүүлд өрөмдсөн LF07 цооногийн өдрийн олборлолт өнгөрсөн сард 10,000 шоо метрт хүрч, төлөвлөсөн хэмжээнд хүрсэн анхны цооног болсон.

Тэгвэл Gurvantes XXXV төслийн бас нэг талбай болох “Pilot Well”-ийн олборлолт өнгөрсөн сарын 21-нд хоногт 674 м3 буюу 23,800 шоо футд хүрч, дээд үзүүлэлтдээ хүрчээ. Сарын дунджаар тооцож үзвэл тус талбайн хийн гарц зургаан сар дараалан өсөж, төслийн ирээдүйд итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн гэж захирал Дугал Фергюсон мэдэгдсэн байна. Тодруулбал, 2025 оны арванхоёрлугаар сард 16,306 м3 байсан бол энэ оны нэгдүгээр сард 18,370 шоо метр хий олборлосон байна.

Харамсалтай нь, нэгдүгээр сард гуравдагч этгээдээс хамааралтайгаар эрчим хүч тасалдсаны улмаас олборлолт саатсан бөгөөд хэрвээ тэгээгүй бол илүү өндөр үзүүлэлт гарах байсныг тэрбээр мэдэгдэлдээ тодотгосон байна.

“Энэ явдал компани цаашид өөр дээрээ эрчим хүчний эх үүсвэртэй болох нь ашигтай гэдгийг харуулж байна” гэж тэрбээр онцолжээ.

Талбай дээр гаргасан цооногуудын үр дүн өссөнтэй холбоотойгоор компанийн зорилго Монголын хэрэгцээнээс хальж, бүс нутгийн хэмжээнд хүрч байгааг тус компани тухайн үедээ онцолж байсан бөгөөд компанийн захирал Дугал Фергюсон ч “Монголд нүүрсний метан хийг арилжааны зорилгоор олборлосон анхны компани болохыг зорьж байна” гэж байсан бол өчигдрийн мэдэгдэлдээ “Эрчим хүчний том хэрэглэгч БНХАУ ойрхон байгаа” талаар дурдсан нь Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа тус төслийн ач холбогдол экспортын чиг баримжаатай болж хувирч байгааг харуулж байгаа юм.

Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.

Засгийн газраас төрийн байгууллага бүр тусдаа цахим хуудас хөгжүүлэх зардлыг бууруулах, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл төрийн байгууллагууд хууль заасан нээлттэй мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг нээлттэй мэдээллийн shilen.gov.mn систем-тэй уялдуулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг “Шилэн индекс”-ээр үнэлж байна.

Эдгээр журмаар төрийн байгууллагын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарт тогтоох, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизмыг тодорхой болгох, ил тод байдлын үнэлгээг цахим, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр журмыг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирч, ил тод, нээлттэй, шуурхай засаглалын суурь бэхжих юм.

Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоолоо.

Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог.

Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2025 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлж, 2025 оны арван хоёрдугаар сард баталсан. Тус өөрчлөлтөөр даатгалын нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь байсныг тав хувь болгож бууруулсан. Хуульд заасан босгын шаардлага буурсантай холбогдуулан Засгийн газраас өмнө тогтоосон хувийг өөрчлөн тогтоох шаардлага үүссэн бөгөөд актуар тооцооллын дагуу шинэчилж баталлаа.

Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. 

Тус хуулиар малын индексжүүлсэн даатгалын болон дотоодын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, индексжүүлсэн даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд даатгалын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж байна.

“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан.

Тус компаниас Нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөл хийж, 250 орчим авто зогсоол нэмж байгуулах санал ирүүлжээ.

Агаарын тээвэрлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдэд оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний барилгын оффисын өрөөнүүдийг бүрэн түрээсэлж дуусжээ.

Ойрын хугацаанд шинээр оффисын барилга барих мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, баруун болон зүүн тийш өргөтгөх шаардлага үүссэн байна.

Концесс эзэмшигч өөрийн эрх, үүргийн хүрээнд концессын зүйлийг ашиглаж олсон орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэх бөгөөд мөн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ.

Эх сурвалж: ZUV.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны ашгаасаа 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улс 2025 онд түүхэндээ хамгийн их буюу 90 сая тонн нүүрс экспортолсон. Харамсалтай нь, түүхий эдийн үнэ буурсан учир орлого буурлаа. Гэхдээ тэгтлээ огцом буураагүй. Оны эцэст төсвийн орлого, бусад зүйлд дэмжлэг болох үүднээс орлогын зарим эх үүсвэрээ дайчилж ажилласан асуудлууд бий. Тиймээс компанийн жилийн эцсийн тайлан баланс гарсны дараа орлого, зарлага тодорхой болно. Тэрний дараа ногдол ашиг олгох эсэх асуудал яригдах ёстой. Баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх ажлыг жил бүр хийсээр ирсэн. Ноднин 300,000 төгрөг өгсөн. Энэ жил хэрхэхийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. 2026 оныхоо нөхцөл байдлыг үнэлнэ. Тэгж байж шийднэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд том төслүүдийг санхүүжүүлж, маш их ачааллыг өөртөө үүрч ирсэн. Энэ төслүүдийг эргэж харж, цаашид санхүүжүүлэх үү, Хөгжлийн банк зэрэг өөр субъект рүү шилжүүлэх үү гэдэг асуудлыг ч ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цаашдаа нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг цэвэр бизнесийн зарчмаар, тогтвортой ажиллуулах шаардлага бий” гэлээ.

Эх сурвалж: Zuv.mn

Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “Би шинжлэх ухаан шүтдэг учраас хунчираар Монголчуудыг эдгээр эм гаргачихна гэж мөрөөддөг юм. Мөрөөдөлдөө захирагдаад хунчир тарьдаг хүмүүсийн төсөл дээр оролцсон. Хунчир тарьж л байгаа. Өөдөлдөггүй юм аа. Газар дээр юм тарихад Монгол хүн 10-20 жилийг зарцуулна. Хятад цустай улсууд бол их хурдан юм ургуулаад байдаг юм билээ. Сэлэнгэ хавиас ч юм уу. Тэднийг би муу хүн гэж хэлж байгаа юм биш шүү” хэмээн ярьсан”.

Түүний энэ үг мэдээж, олон хүнд таатай сонсогдоогүй, ялангуяа Сэлэнгэ аймгийн гаралтай хүмүүс. Тэгвэл тэрбээр энэ болчимгүй үгээрээ сэлэнгийнхнийг юм уу, газар тариалан эрхэлдэг хүмүүсийг муучилсан биш, харин нэг намын С.Баярцогтыгоо дайруулж хэлсэн байж магадгүй аж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дотоод шинэчлэлтэй холбоотойгоор намын дотоод тэмцэл хурцадсаны шинж байж магадгүй аж.

С.Баярцогт нь газар тариалангийн бизнес эрхэлдэг, Сэлэнгэ аймгаас гаралтай. 2023 онд болсон Ардчилсан намын даргын сонгуульд Лу.Гантөмөртэй өрсөлдөж байсан юм.

АН Засгаас гарч, Л.Гантөмөр даргын ажлаа өгсний дараа явагдсан намын даргын сонгуульд О.Цогтгэрэл даргаар сонгогдсон. Үүний дараа С.Баярцогтын нөлөө ихсэж, дахин тодрох асуудал яригдах болоод буй. Улмаар намд эрс шинэчлэл хийж буй нь фракцуудын эрх ашигт янз бүрээр тусах бөгөөд үүний нэг илрэл нь Лу.Гантөмөрийн далд утгатай дээрх ёжлол байсан гэж үзэх нэг хэсэг байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалж байна. Тухайлбал, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжууд ачаалж, худалдааны төвүүдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд, Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршлуудад алба хаагчдыг байршуулан, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өглөө.

Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.

Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн саналд үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулъя.

Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье. Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын баг ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя гэдгийг онцоллоо.

зураг

М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Тэгвэл тус компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна.

Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд М-Си-Эс Кока-Кола компани олон нийтийн дадал хэвшилд нөлөөлөх, хуванцар ангилж, цуглуулах кампанит ажлыг 2022 онд эхлүүлсэн байдаг.

Монгол улсад хог хаягдлын менежмент сайтар хөгжөөгүй, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд хогоо ангилан ялгах, ангилсан дахиврыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоо хараахан бүрэлдээгүй цаг үед эхэлсэн тэдний ажил олон сорилт, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан байдаг. Иймээс М-Си-Эс Кока-Кола компани “Ти Эм Эл” үйлдвэр болон хуванцар цуглуулалт, тээвэрлэлтийн “SESL” компанитай хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээг орон даяар бий болгох ажлыг хамтран өрнүүлсээр буй юм.

Ийнхүү төдийгөөс өдий хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хуванцраа анхдагч эх үүсвэр дээрээс нь ангилж, цуглуулдаг 1610 харилцагчийг улс орон даяар бий болгож чаджээ.

зураг

Түүнчлэн жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын түвшнийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж гаргадаг бөгөөд 2025 оны байдлаар М-Си-Эс Кока-Кола компанийн хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

Энэхүү туршлагаа хуваалцахаар М-Си-Эс Кока-Кола компани өнөөдрийг хүртэл туулсан зам, тулгарсан бэрхшээл, хүрсэн ололт амжилтаа танилцуулах “100% хүрэх замнал” кампанит ажлыг эхлүүлээд байна. Тогтвортой хөгжил гэдэг нь нэг удаагийн амжилт, шийдлээр хэмжигдэх ойлголт биш тул өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудлуудад шийдэл эрэлхийлж, туршин суралцах замаар шат ахиж буй замналыг хамтдаа сонирхоцгооё.

100% ХҮРЭХ ЗАМНАЛ

зураг

2018 он

Улсын хэмжээнд ус, ундааны хуванцар савны хэрэглээ нэг жилд 18 мянган тонноор хэмжигддэг. Ийнхүү хэрэглэсэн хуванцрын тодорхой хувийг урд хөрш рүү экспортолдог байсан ч БНХАУ хуванцар хаягдлын импортоо зогсоосноор “энэ их хуванцрыг яах вэ?” гэдэг асуудал тулгарав. 

Энэ үед дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг “Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн зорилтоо олон нийтэд танилцуулж, нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй бүх үйлдвэрлэгчдэдээ хог хаягдалдаа хариуцлагатай байхыг уриалсан нь дэлхий даяар өрнөж буй дахин боловсруулах хөдөлгөөний эхлэл болж байв.

2021 он

Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан, М-Си-Эс Кока-Кола компани өөрийн түншлэгч “Ти Эм Эл” компанид санал тавьснаар олон улсын стандартад нийцсэн, хүнсний зориулалттай PET хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр 2021 онд ашиглалтад оров.

зураг

2022 он

Ингээд М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүтээгдэхүүнийхээ савтай дүйцэхүйц бүх төрлийн ус, ундааны хуванцар савыг эргэн цуглуулж, дахин боловсруулах зорилтоо танилцуулснаар “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг Монголд эхлүүлсэн байна.  

Тухайн үед өрхийн хэрэглэгчдийн 60% нь хуванцраа ангилалгүй, бусад хогтойгоо хамт хаядаг байв. Дийлэнх иргэдийн хувьд хуванцрыг тусад нь ангилна гэдэг цоо шинэ зүйл байсан төдийгүй ангилсан хуванцрыг хаана хүлээлгэж өгөх, хэн ирж авах нь тодорхой зохицуулалтгүй байсан тул ангилах шаардлагагүй гэж үзэх хандлага түгээмэл байлаа.

2023 он

Иймд дан ганц үйлдвэр байгуулаад зогсох бус үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, түүхий эдийн нөөц тасралтгүй бий болгохын тулд “Ти Эм Эл” үйлдвэр дэргэдээ хуванцар цуглуулж, тээвэрлэх “SESL” буюу Save Earth Save Life компанийг байгуулсан юм. Олон нийтэд ангилан ялгах дадал хэвшил суулгах, хуванцрыг анхдагч эх үүсвэр дээрээс нь цуглуулдаг болгох,  цуглуулагч эх үүсвэрүүдээс тогтмол тээвэрлэх ажлууд эрчимжив.

2024

Хуванцрын хэрэглээ ихтэй, цуглуулах боломжтой бүхий л байгууллагад “SESL” компани хамтран ажиллах санал тавьсан ч олонх нь татгалздаг байв. Иймд хэрэглэгчийн зан төлөв, дадал хэвшил, манай улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтэц зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага тулгарсаар байна.

2025 он

Олон нийтэд хуванцар ангилан ялгалт, дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулах олон ажлууд хэрэгжүүлсний нэг нь “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв байв. Түүнчлэн 2022 оноос хойш жил бүр Playtime хөгжмийн фестиваль, 3×3 сагсанбөмбөгийн тэмцээн, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуванцар цуглуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

2026 он

Өнөөдөр хуванцраа ангилж, ялгадаг хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсад хуванцрыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах гинжин хэлхээ бий болох эхлэл тавигдаж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” болно гэдэг ойлголт нийгэмд тогтоод байна.

Ийнхүү М-Си-Эс Кока-Кола компани “Кока-Кола” системийн дэлхий даяар хэрэгжүүлж буй дахин боловсруулах хөдөлгөөнд нэгдэж, 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх түүхэн үйл явдал ойртсоор байна.

Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани МУБИС-ийн автобусны хойд буудал дээр “100% хүрэх замнал”-ыг танилцуулсан үзүүлэн байрлуулжээ. Уг үзүүлэнгээс та бүхэн дахин боловсруулсан материалаар хийсэн хуванцар ангилж цуглуулах уутыг авах боломжтой. Харин цуглуулсан хуванцраа 7610-7711 дугаарт залгаж, хүлээлгэн өгөхөө бүү мартаарай.

Монгол Улс, БНХАУ-ын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт 2003 онд анхлан зохион байгуулагдаж, түүнээс хойш хоёр оронд  ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн ба хоёр улсын банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, практик туршлага хуримтлуулах чухал талбар болж хөгжсөөр иржээ.  

Энэ жилийн буюу 10 дахь удаагийн дугуй ширээний уулзалт нь Хятадын Ардын банкны урилгаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Монголбанк, Хятадын Ардын Банкны удирдлагууд, хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Уулзалтыг Хятадын Ардын банкны Олон улсын газрын Дэд захирал, Хатагтай Лин Ран болон Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар нээж, хэд хэдэн үндсэн сэдэв, чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хатагтай Лин Ран нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс, Хятад улс нь найрсаг, хөрш орнууд бөгөөд санхүүгийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг дэмжих чухал тулгуур болохыг онцоллоо. Тэрээр хоёр талын валютын своп хэлэлцээрийн хэрэгжилт, Үндэсний валютаар хийсэн төлбөр тооцооны хэмжээ тогтвортой өссөн, Монголын арилжааны банкнууд CIPS системд шууд оролцогч болсон, хил дамнасан QR кодын төлбөр тооцоо нэвтэрсэн зэрэг бодит ахиц гарч байгааг мөн дурдлаа. Харин Монгол Улсын Төв банкийг төлөөлөн Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засгийн бүтэц, гадаад худалдааны онцлогийг харгалзан үзвэл БНХАУ-тай санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой төдийгүй практик шаардлага болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, хоёр орны гадаад худалдаа, төлбөр тооцооны хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг онцолсны дээр Олон улсын гадаад төлбөр тооцоонд эзлэх юанийн хэрэглээ нэмэгдэж байгааг дурдлаа.  

Хэлэлцүүлгийн хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтын төлбөр тооцоонд төгрөг, юанийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломж, дэд бүтцийг сайжруулах, клиринг болон төлбөр тооцооны механизмыг боловсронгуй болгох, мөн своп хэлцлийг илүү үр ашигтай ашиглах боломжийн талаар санал солилцов.  Мөн төлбөрийн системийн холболтыг сайжруулах, хил дамнасан гүйлгээний хурд, үр ашгийг нэмэгдүүлэх, дижитал санхүү болон Төв банкны дижитал валютын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд хоёр орны санхүүгийн салбарын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, техникийн түвшний ажлын хэсгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар сургалт, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдсэн ба дараагийн дугуй ширээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар талууд тохиролцов.